Төв аймагт аавуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөний гол зорилго нь эрэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоог нэмэгдүүлэх, зөв үлгэр дуурайлалтай эцэг байх болон эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл, зөв дадал хэвшлийг эзэмшүүлэхэд оршиж байгаа юм.
Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Жадамбаа “Эр хүний үнэ цэнэ”, Гэр бүлийн радио 104,5 сургалтын менежер О.Жаргалсайхан “Хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо”, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эрэгтэйчүүдийн эмч Д.Дарьсүрэн “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл танилцууллаа.
Зөвлөгөөнд нийт 11 сумын 50 гаруй аавууд оролцсон байна.
н.Амарсанаа: Аав хүн хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар их зүйлийг ойлгож авлаа

Төв аймгийн Баянхангай сумын иргэн н.Амарсанаа: Би 3 охинтой. Аав хүн охидууддаа маш их хайртай байдаг. Би охидуудтайгаа маш зөөлөн харьцдаг. Аавуудын зөвлөгөөнөөс аав хүний хувьд мэдвэл зохих, амьдралдаа хэрэгжүүлэх их зүйл байдгийг мэдэж авлаа. Аав хүн хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар их зүйлийг ойлгож авлаа.
