Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын төлөөлөгч О.Сэлэнгэ: Өчигдөр Баянзүрх дүүрэгт ээж нь коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаа, 2 хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд гэртээ орж чадахгүй байгаа мэдээлэл ирсэн. Хоёр хүүхдийг тухайн сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчид гэрт нь оруулахгүй байх тухай асуудлыг хөндсөн. Өнөөдөр халдвар авч, эмчлэгдэж байгаа хүүхдүүд болон иргэдийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх асуудлыг Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорохой заасан.
Үүнтэй холбоотой мэдээллийг 108 дугаараар авч байгаа. Дээрх 2 хүүхдийн тохиолдлоос улбаатай хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж байсан бодлого, чиглэл өөрчлөгдөж байна. Түр хамгаалах байрыг шинээр бий болгосон. Энэ хүүхдүүдэд зориулж ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд тухайн 2 хүүхдийг түр хамгаалах байранд авсан.
Хөл хорионы үед хүүхэд хамгааллын нөхцөл байдал мөн бий болж байна. Иймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт мэргэжлийн анги байгуулан ажиллаж байна. Жишээ нь Сэлэнгэ аймагт 141 хүүхэд хараа хяналтгүй болсон. Иймээс түр асран хамгаалагчийг сонгох, хажуу хөршийн хяналтад байлгах, шаардлагатай бол түр хамгаалах байрны үйлчилгээг үзүүлж байна.
108 тусламжийн дугаарт өдөрт 500 гаруй дуудлага ирж байгаа. Үүнээс анхаарал татсан 2 зүйл бий.
Ээж, аав нь хөл хорионд орсноос болж хүүхэд гэртээ ганцаараа байх, хүүхэд эрсдэлтэй нөхцөл үүссэн тухай дуудлага сүүлийн үед нэмэгдсэн. Харин хүүхэд хамгааллын тухай дуудлага багассан.
108 дугаар 24 цагаар үйл ажиллагаа явуулж байгаа. Сэтгэлзүйн зөвлөгөө туслалцааг үзүүлж байгаа. Мөн цахимаар дамжуулан мэдээлэл, зөвлөгөө авч байгаа.
Сэлэнгэ аймагт халдвар авсан, тусгаарлагдсан хүмүүсийн нийт 140 гаруй хүүхэд асран хамгаалагчгүй болоод байна. Иймээс эцэг, эх нь тусгаарлагдсан, халдвар авсан, хүүхдүүдийг түр хамгаалах байр, түр хугацаанд асран хамгаалах боломжтой хамаатан садны хүмүүс дээр байрлуулах ажлыг хийж байна.
Улсын хэмжээнд 35 түр хамгаалах байр, 250 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Одоогоор 32 түр хамгаалах байранд 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна.
Хүүхэд болон халдвараар өвчилсөн иргэдийн мэдээллийг болгоомжтойгоор мэдээлэл хүргэх, нэр, хаягийг нь олон нийтэд мэдээллэхгүй байхыг хүсье* гэлээ.